Menu Close

Монгол, Лаос, Люксембургийн гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг зурагдлаа

Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (LuxDev ) болон Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв эмнэлэг БНАЛА Улсын зүрх судасны салбар хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Улсын Гуравдугаар Төв эмнэлэг болон Лаос дахь Люксембургийн хөгжлийн агентлаг дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна:

  • Хоёр улсын зүрх судасны чиглэл ажиллаж буй эмч мэргэжилтнүүд болон эмнэлгүүд зүрх судасны өвчний эрт илрүүлэг оношилгоо эмчилгээг дээшлүүлэх мэдлэг туршлагаа солилцох арга хэмжээнүүд зохион байгуулах;
  •  Лаосын төв болон орон нутгийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдэд УГТЭ ийн ЗСҮТ-ийн туршлагатай эмч, багш нар Виентианд ажлын байран дээрх болон танхимын сургалт зохион байгуулах;
  • УГТЭ-ийн ЗСҮТ-ийн 21 аймаг 9 дүүргийн эмнэлгүүдтэй хамтран алсын зайн анагаах ухааныг ашиглан зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулсан туршлага загварыг Лаосын эмнэлгүүдэд нэвтрүүлэн хөгжүүлэхэд  чиглэсэн арга зүйн дэмжлэг үзүүлэх;
  • Монгол, Лаосын эмч нарын мэргэжлийн солилцоо, сургалтуудыг  хөтөлбөрт заасан хүрээнд ЗСҮТ дээр  хэрэгжүүлэх;

Хоёр жил хагас хугацаанд хэрэгжих хамтын ажиллагааны үр дүнд Лаосын эрүүл мэндийн тогтолцооны хүртээмж, чанар, тогтвортой байдлыг сайжруулахад хувь нэмэр болох төдийгүй УГТЭ-ийн ЗСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд туршлагаа хуваалцах, өөр орчинд тусламж үйлчилгээг сайжруулах илүү туршлага  хуримтлуулах, эрүүл мэндийн салбар дахь Лаос- Монголын уламжлалт хамтын ажиллагааны шинэ хуудас нээж буй юм.

Энэхүү үйл ажиллагаа нь Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламжаар Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (LuxDev )-ийн Монгол Улсад хэрэгжүүлж буй “Монгол Улсын Зүрх судлал, Зүрхний мэс засал ба Телемедицин ” төсөл,  Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад  “Эрүүл мэнд ба шим тэжээл” хөтөлбөрийн хүрээнд санхүүжигдэн дэмжигдэж байгаа болно.