Зүрх судасны оношилгоо
- 2003 оноос эхлэн Монгол улсад анх удаа зүрхний өнгөт допплер хэт авиа, ачаалалтай бичлэг, алсын зайн дамжуулалт хийх боломжтой зүрхний цахилгаан бичлэгүүдийг хийж эхэлсэн. 2003 онд орон нутгийн 6 аймагт анхны зүрхний хэт авиан аппарат суурилагдаж, холбогдох сургалтуудыг зохион байгуулж байсан бол 2018 оноос бүх аймаг, дүүрэгт зүрхний хэт авиан оношилгоо хийгдэж байна.
- 2004 оноос тодосгогчтой зүрхний хэт авиа, зүрхний 3 хэмжээст хэт авиан оношилгоог нэвтрүүлэн хийж эхэлсэн.
- 2008 оноос улаан хоолойн зүрхний эхо, стресс эхо, 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг, 24 цагийн артерийн даралт хэмжиж, хянах оношилгоог анх эхлүүлсэн. Орон нутгийн 8 аймагт 24 цаг зүрхний цахилгаан бичлэг, 24 цаг артерийн даралт хянах аппаратууд болон бусад оношилгооны багажуудыг суулгасан ба сургалтыг зохион байгуулж иргэд уг шинжилгээнүүдийг орон нутагтаа хийлгэх боломжтой болсон юм.
- 2013 оноос зүрхний КТГ, СРТ-ийн оношилгоог тус тус хийж эхэлсэн
Титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ (ТСДО/Э)
- 2001 онд Францын эмч нар Монгол улсад анх удаа ТСДО хийсэн ба 2007 онд Интервеншнл кардиологийг эрчимтэй хөгжүүлэх ажлын хүрээнд Францын ASF ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллав.
- 2011 оноос Интервеншнл кардиологийн салбар гадаадын зөвлөх эмч нарын ажлын байран дээрх урт, богино хугацааны сургалтуудын ач тусаар цаашид бие даан хөгжих чадвартай болж ЗСҮТ-ийн Интервеншнл кардиологийн эмч нар судсан дотуурхи оношилгоо, эмчилгээ бие даан гүйцэтгэх чадвартай болсон.
- 2013 оноос Монголын Мянганы Сорилтын Сангийн төслөөр ангиографийн оношилгоо, эмчилгээний тасагт иж бүрэн тоног төхөөрөмжүүд суурилагдан ашиглагдаж эхлэв.
- 2015 оноос ТСДО/Э өндөр өртөгт тусламж үйлчилгээнд багтаж ажилбарын нийт өртгийн 75%-ийг нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлж эхэлсэнээр мэс ажилбарын тоо нэмэгдэж, эмч мэргэжилтэнүүдийн ур чадвар богино хугацаанд эрс сайжирсан болно.
- 2016 оноос зүрхний төрөлхийн гажгийн цоорхойг судсан дотуурхи мэс заслын аргаар бөглөх эмчилгээ хийж эхлэв.
- 2017 оноос Титэм судасны архаг бүтэн бөглөрөл болон бифуркацийн стент суулгаж эхлэв.
- 2019 оноос ТСДО/Э-ний хоёр дахь шинэ лаборатори суурилагдан ашиглагдаж эхлэв. 2019 оноос Ангиографийн үед титэм судасны нарийслын өмнө, хойно цусны урсгалын хурд, даралтын зөрүүг хэмжих FFR оношилгоог хийж эхлэв.
- 2019 оноос бөглөрөлтөт атеросклероз өвчний үед титэм судасны бөглөрлийг өрөмдөх (ротоблатор) эмчилгээ хийж эхлэв.
Зүрхний нээлттэй мэс засал
- 2009 оноос хөргөлттэй нөхцөлд хийдэг зүрхний мэс заслыг халж, цусны зохиомол эргэлттэйгээр титэм судас нөхөн сэргээх мэс засал хийж эхлэв.
- 2010 оноос Люксембургийн Зүрхний төв (INCCI)-ийн баг, Францын Страссбург хотын их сургуулийн эмнэлгийн баг, Францын ASF “Хил хязгааргүй зүрхний мэс засалчид” болон бусад олон улсын баг, зочин профессорууд Монгол улсад жилд 4-5 удаа ирж сургалт, хамтарсан хүмүүнлэгийн мэс засал хийх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна.
- 2013 оноос зүрхний төрөлхийн хавсарсан хоёр гажгийг нэгэн зэрэг засах мэс засал хийв.
- 2014 оноос зүрхний болон гол судасны цүлхэний мэс заслын үед цус эргүүлэн сэлбэх аппарат хэрэглэх технологи нэвтрүүлж, цээж хэвлийн гол судасны цүлхэний мэс засал хийж эхлэв.
- 2016 оноос агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал хийж эхлэв. Зүрх болон гол судасны мэс засалд тархины цусан хангамж хянах системийг нэвтрүүлж, хүүхдийн зүрхний хавсарсан хүнд хэлбэрийн хөх гажгийн үеийн мэс заслыг хийж эхлэв.
- 2018 оноос зүрхний мэс засал сэргээх 4 залгалт бүхий мэс засал хийж эхлэв.
- 2019 оноос үнхэлцгийн мэс засал болон голтын үүсгэврийг авах мэс засалд дурангийн мэс заслын технологийг нэвтрүүлсэн.
- 2020 оноос судсан дотуурх болон нээлттэй мэс заслыг хослуулсан гибрид мэс засал, агшиж буй зүрхэнд хавхлага солих мэс засал, нэгдсэн артерийн цорго төрөлхийн гажгийг засах төгс мэс засал хийж эхэлсэн.
- 20-3 онд зүрх судасны мэс засал нийт 395 хийгдсэнээс зүрхний мэс засал 143, артерийн судасны мэс засал 28, захын судасны мэс засал 177 ба бусад 47 мэс засал хийгдсэн байна.
Судасны мэс засал
- 2003 оноос доод мөчдийн архаг бөглөрлийн үед шилбэний венийн судсыг артержуулах мэс заслыг идэвхтэйгээр хийж эхлэв.
- 2005 оноос хэвлийн гол судас болон хоёр талын ташааны артери хамарсан цүлхэнг арилгаж, салаа хиймэл судсаар орлуулах мэс заслыг хийж эхлэв.
- 2007 оноос гол судасны хавхлага суулгах мэс засал, цээжний гол судасны цүлхэнг хиймэл судсаар орлуулах мэс заслыг хийж эхлэв.
- 2016 оноос захын судасны мэс засалд цээжний болон хэвлийн дурангийн мэс засал нэвтрүүлсэн.
- 2017 оноос судсан дотуурхи мэс заслын аргаар гол судас, түүний салаанд графт стент суулгах аргыг нээлттэй мэс заслын аргатай хослуулсан гибрид мэс засал хийв.
- 2019 оноос захын судасны мэс засалд венийн хавхлага эвдэгч, автомат оёгчоор судас залгах технологийг нэвтрүүлэв.
- 2020 оноос ЗСҮТ-ийн эмч нар бие даан судсан дотуурхи мэс заслын аргаар “стент графт” стент суулгах мэс засал хийж эхэллээ.
Зүрхний хэм судлал
- 2010 оноос Зүрх судасны эмчийг хэм судлалын чиглэлд сургаж эхэлсэн ба 2012 онд зүрх судасны эмч байнгын пейсмейкер суулгах эмчилгээг дараагийн бүрэн хяналтын хамт хийж эхэлсэн нь хэм судлалын салбарын эхлэл байлаа.
- 2015 онд суулгац дефибриллятор, 2016 онд зүрхний ресинхрониацийн суулгац эмчилгээ ба электрофизиологийн оношилгоо, эмчилгээ, 2018 онд зүрхний агшилт дэмжих суулгац эмчилгээ, 2020 онд пейсмейкерийн дамжуулах замын суулгац, 2023 онд хөлдөөх аблаци эмчилгээг тус тус Монгол улсдаа анхлан нэвтрүүлсэн.
- 2016 онд Монгол улсын анхны Электрофизиологийн оношилгоо эмчилгээний лабортаорийг байгуулж, зүрхний хэм судлалын электрофизиологийн мэргэжлийн багийг бүрдүүлэн ажиллаж эхэлсэн.
- 2021 онд Зүрхний хэм судлалын төв болгон өргөжүүлж Монгол улс дахь хэм судлалын тусламж үйлчилгээг мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байна.
Алсын зайн анагаах ухаан
- Алсын зайнаас өвчтөний мэдээлэл солилцох, зөвлөгөө өгөх, авахад Визеомип программыг 2003 оноос, цахим шууданг 2004 оноос, МнКардио программыг 2009 оноос, шинэчлэгдсэн МнКардио программыг 2019 оноос, өрх-сумын модулийг 2019 оноос, Ковид-Телемедицин, МнСтрок программыг 2020 оноос ашиглаж эхлэв.
- 2006 онд Лондон хотод болсон “Telemed” олон улсын хуралд Телемедицин ашигласан төслийн туршлагыг анх удаа илтгэж, шилдэг илтгэлээр шалгарав.
- 2010 онд Цахим эрүүл мэндийн стратегийн баримт бичиг боловсруулав.
- 2011 оноос өдөр тутмын үзлэгийн бүртгэлийн модулийг үйл ажиллагаанд оруулсан.
- Телемедицины МнКардиопрограм хангамжийн шинэчлэлүүд :
- 2014 оноос хэвтэн эмчлүүлэх өвчтөнүүдийн хүлээлтийн жагсаалтыг программд оруулан автоматжуулсан. Титэм судсан дотуурхи оношилгоо, эмчилгээний талаарх мэдээллийг цахим хэлбэрээр бүртгэдэг болж теле-зөвлөгөөний хэсэгт мессеж функцыг нэмсэн.
- 2015 оноос хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээний модулийг нэвтрүүлсэн: эмчилгээний нөөцийн хяналт, эмийн жор, эмийн дэлгэрэнгүй мэдээлэл тус тус нэмэгдэв.
- 2016 онд Европын холбооны Насанд хүрэгчдийн цээжний хөндийн мэс заслын бүртгэлийн модуль, өвчтөний платформ, хэт авиан оношилгооны бүртгэл тэмдэглэлийн модулийг нэмж боловсронгуй болсон.
- 2019 онд сум, өрхийн эмнэлгийн эмч нарт зориулсан Өрх-сум модулийг бий болгов. Хэм судлалын мэс заслын бүртгэл, олон улсын удирдамжийн дагуух эрсдэлийн тооцоолуур, зүрхний багуудын хяналтын модулийг программд нэгтгэн оруулсан.
- 2020 онд системд технологийн бүрэн шинэчлэлийг хийсэн: хэрэглэгчдийн платформийг хэрэглэхэд хялбар, илүү хурдтай болгосон. Зүрхний архаг дутагдал, хавхлагын гажгийн хяналтын цахим бүртгэлийн маягтыг боловсруулж программд бүртгэв. Харвалт ба мэдрэлийн тусламж үйлчилгээнд МнСтрок программ, цар тахлын үед ашиглах Covid-Telemedicine программыг хэрэглэж эхлэв.
Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
- “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”, “Дэлхийн Зүрхний Өдөр”, Зүрхний дутагдлын өдөрлөг, “Хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх” төсөлт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажилладаг. Ард иргэдийг мэдээ мэдээллээр хангах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх контентыг бэлтгэж, түгээж ажиллаж байна.
- 2018-2020 онд ЗҮСТ нь “Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх үндэсний төлөвлөгөө” боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажилласан.
2019 онд Зүрхний архаг дутагдлын хяналт, Антикоагулянт эмчилгээний хяналтын дэвтрийг боловсруулж, эмнэлзүйн хэрэглээнд нэвтрүүлэн, үйлчлүүлэгчдийн хүртээл болгосон.