П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг нь өөрийн хөгжлийн явцад улсын хэмжээнд зүрх судасны үндэсний төвийн үүргийг үргэлж гүйцэтгэж ирсэн.
Академич Т.Шагдарсүрэн, Ц.Бундан доктор нар зүрхний мэс заслын суурийг тэртээ 40 гаруй жилийн өмнө тавьж байх үедээ Монгол улсад “Зүрхний төв” байгуулна гэж зорьж, тэмцэж байсан нь 2010 онд Эрүүл мэндийн сайдын 311 дүгээр тушаал, УГТЭ-ийн даргын 2011 оны А/40 тушаалаар зүрхний эмгэг судлалын тасаг, зүрхний мэс заслын тасаг, аймаг болон дүүргүүдийн зүрх судасны тасаг нэгжүүдэд түшиглэн Монгол улсад анхны “Зүрхний төв” байгуулагдсанаар биеллээ олсон юм. Зүрхний төв нь улсын хэмжээнд зүрх судасны чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлж бусад эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр дэмжин ажиллах үндэсний хэмжээний лавлагаа төв болж өргөжин хөгжсөн билээ.
“Зүрх Судасны Үндэсний төв” байгуулагдсанаас хойш өөрийн харъяа мэргэжлийн баг, тасаг, нэгж, төвүүдийн хүчин чармайлт, хамтран ажилладаг орон нутаг дүүргийн зүрх судасны эмч мэргэжмилтэнүүд, олон улсын төсөл, хөтөлбөр, гадаадын зочин багуудын дэмжлэгтэйгээр зүрх судасны шалтгаант нас баралтыг 2003 онд 10 000 хүн амд 24.4 байсаныг 2023 оны байдлаар 16.4 хүртэл бууруулж чадсан амжилт ололтоор Улсын гуравдугаар эмнэлгийн түүхт 70 жилтэй золголоо.
Зүрх Судасны Үндэсний төв (ЗСҮТ) нь Зүрх судлал, Зүрх судасны мэс засал, Зүрхний шигдээс, Зүрхний хэм судлалын төв ба Судсан дотуурхи оношилгоо, эмчилгээний төвийн зүрх судасны ангиографийн баг зэрэг тасаг, нэгжүүдийг багтаан УГТЭ-ийн бусад тасаг, нэгж, баг хамт олон мөн орон нутаг, дүүргийн эмч мэргэжилтэнүүд, олон улсын төсөл, хөтөлбөр, гадаадын зочин багуудтай нягт хамтран ажиллаж байна.
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ нь 38 эмч 49 сувилагчтайгаар жилдээ 50100 гаруй үйлчлүүлэгчид амбулаторийн тусламж, 25800 гаруй хэвтэн эмчлүүлэх, 20300 орчим Зүрхний цахилгаа бичлэг, 10000 гаруй хүнд зүрхний өнгөт допплер хэт авиан шинжилгээ, 2600 гаруй ачаалалтай зүрхний бичлэг, 1000 гаруй 24 цагийн зүрхний бичлэг, 200 гаруй улаан хоолойгоор дамжуулан зүрхний хэт авиан оношилгоо, 2600 гаруй хүнд судсан дотуурхи титэм судасны оношилгоо, 1600 орчим хүнд судсан дотуурхи титэм судасны ангиопластик эмчилгээ, 220 орчим пейсмекер суулгах эмчилгээ, 160 абляци, 30 судсан дотуурхи төрөлхийн гажгийн эмчилгээ, 390 гаруй нээлттэй зүрхний мэс засал хийдэг томоохон институт болж хөгжжээ.
ЗСҮТ нь дараах үйл ажиллагааг улсын хэмжээнд гүйцэтгэдэг:
- Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах
- Зүрх судасны лавлагаа шатлалын мэргэжлийн тусламж үйлчилгээ
- Зүрх судасны тусламж үйлчилгээний чиглэлд бусад эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллах
- Эмнэлзүйн заавар, стандарт боловсруулах, түгээх, даган мөрдөлтийг сайжруулах
- Эрдэм шинжилгээ, судалгаа хийх
- Хүний нөөцийг чадавхижуулах
- Технологийн дэвшилийг нэвтрүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх
Улсын хэмжээнд мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллах хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг:
- Телемедицины программ (МнКардио)-аар теле-зөвөлгөө өгч алслагдсан дүүрэг, орон нутгийн эмч нарт дэмжлэг үзүүлэх
- Улсын хэмжээнд хүний нөөцийг чадавхижуулах үйл ажиллагааг зохион байгуулах
- Зүрх судасны эмч, мэргэжилтэнүүдэд сургалт, семинар, конференци, ажлын байрны сургалт, зайн сургалт, вебинар сургалтуудыг зохион байгуулах
- Олон улсын мэргэжлин сургалт, конференци, конгрессд эмч мэргэжилтэнүүдийг хамруулах
- Улсын хэмжээний зүрх судасны өвчлөлийн бүртгэл судалгааг дэлгэрүүлэх, статистик үнэлгээ хийж дүгнэлт гаргах