Menu Close

Төсөл, хөтөлбөрүүд

  • Люксембургийн Их Гүнт улсын буцалтгүй тусламжаар 5 шатны төсөл 2001 оноос одоог хүртэл 23 жилийн турш хэрэгжиж буй нь УГТЭ төдийгүй Монгол улсын зүрх судасны салбарын хамгийн урт хугацаанд, хамгийн их үр дүнд хүргэж буй төсөл юм.
  • Америкийн Засгийн газрын тусламжаар хэрэгжсэн Мянганы сорилтын сан төслөөр Зүрхний шигдээсийн 20 ор бүхий тасаг байгуулагдаж, ангиографийн лаборатори, компьютер томографийн аппарат суурилагдсан.

Люксембургийн Их Гүнт улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй зүрх судасны төв төсөл:

2001 оноос хэрэгжиж эхэлсэн Люксембургийн Их Гүнт улс болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын гэрээгээр Зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах 5 удаагийн төсөл төвийн тасаг нэгжүүдэд түшиглэн хэрэгжиж байгаа нь зүрх судлалын хөгжлийн түүхэнд онцгой хувь нэмэр оруулж хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн. 4 үе шат хэрэгжиж дуусах хугацаанд төслийн хүрээнд 38 өнгөт допплерт зүрхний эхо, Холтер зүрхний цахилгаан бичлэг 8 , зүрхний тредмил ачаалалтай бичлэгийн аппарат 9, Зүрхний цахилгаан бичлэг, автомат даралт хэмжигч аппарат, тариа болон дуслын памп, дефибриллятор, компьютерийн иж бүрдэл зэрэг шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслээр 31 эмнэлгийг 3 удаагийн нийлүүлэлтээр хангаж бүх аймаг дүүрэгт тропонин, ди-даймер, NT-proBNP, диабетийн оношлогоог хийх боломж бүрдүүлсэн. Дотоодын сургалтууд ба гадаад мэргэжилтэн урьж сургалтыг үе шаттай хийсэн нь үр дүнгээ өгч зүрхний эмч нар оношлогооны тоног төхөөрөмжүүд дээр ажиллах чадвартай болж зүрхний оношилгоо эмчилгээ шинэ шатанд гарахад асар их нөлөө үзүүлсэн.

2003 оноос Монгол улсад анх удаа алсын зайн анагаах ухааны цахим сүлжээг ашиглан 21 аймаг 9 дүүргийн эмнэлгүүдийн зүрх судасны эмч нартай хамтдаа алсын зайнаас хэлэлцэн, зөвлөгөө өгч, лавлагаа шатлалын оношилгоо, эмчилгээнд хамруулж, хяналтыг сайжруулан, бүртгэлжүүлж, эмчилгээг илүү чанартай, хяналттай  болгож ажиллаж байна. Ийнхүү зүрх судасны төвийн хамт олон телемедицин ашиглан зүрх судасны тусламж үйлчилгээг улс орон даяар сайжруулж буй туршлагаа олон улсад хуваалцан монголын зүрх судасны салбарын брэнд болгож байна.

2004 оноос эхлэн жил бүр “Зүрх судасны үндэсний конференци” болон онолын сургалт семинар зохион байгуулж ирсэн нь олон улсын нэр хүндтэй профессоруудаас суралцахын зэрэгцээ энэ салбарт хийгдэж буй дэвшил, судалгаа шинжилгээний үр дүнгээсээ харилцан мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг олгосон юм.

Энэхүү хугацаанд Зүрх Судасны төв нь Люксембургийн Зүрхний төв-INCCI, Страсбургийн Их сургуулийн Зүрхний төв,  БНСУ-ын Сөүл, Ча Бундан Их сургуулийн эмнэлэг,  Ионсей их сургуулийн Зүрхний төв, Францын судсан дотуурхи зүрхний оношилгоо эмчилгээний ASF ТББ, Сингапурын Зүрхний Төв, Тайваны Үндэсний Их сургуулийн зүрх судасны мэс заслын тасаг, Тайпей эмнэлгийн олон улсын сургалтын төв, Торгоны замын орнуудын зүрхний хэм судлалын нийгэмлэг, Ази номхон далайн зүрхний нийгэмлэг, Европын зүрхний нийгэмлэг, Дэлхийн зүрхний федераци болон бусад олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

2011 онд Зүрхний төв байгуулагдсан нь нэг талаас Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төслүүдийн олон жилийн хэрэгжилтийн ололт амжилтанд тулгуурласан гол үр дүн, нөгөө талаас төслийн үйл ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлэн авч явах үндсэн байгууллага болсон юм. Мөн Америкийн Засгийн газрын тусламжаар хэрэгжсэн Мянганы сорилтын сан төслөөр зүрхний шигдээсийн иж бүрэн тоноглогдсон 20 ор, ангиографийн лаборатори, компьютер томографийн аппарат суурилагдсан нь Зүрх судасны төвийн хөгжилд чухал алхам байсан юм.