Орчин үеийн дэвшилтэт технологийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлж, зүрхний өвчнийг эрт илрүүлэх, оношилгооны нарийвчлал, шуурхай байдлыг нэмэгдүүлэх хүрээнд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг БНСУ-ын ARPI компанитай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хиймэл оюунд суурилсан “ECG Buddy” программ хангамжийг амжилттай нэвтрүүллээ.
“ECG Buddy” нь зүрхний цахилгаан бичлэгийг (ECG) хиймэл оюуны тусламжтайгаар богино хугацаанд шинжилж, яаралтай тусламж болон амбулаторийн нөхцөлд эмчийн оношилгоо, эмчилгээний шийдвэр гаргалтыг дэмжих зориулалттай. Тус систем нь 11 төрлийн зүрхний хэм алдагдал, 10 төрлийн эрсдэлийг 1 секунд хүрэхгүй хугацаанд үнэлэх боломжтой бөгөөд эрсдэлийг эрт илрүүлэх, яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, оношилгоо, эмчилгээний төлөвлөгөөг илүү оновчтой боловсруулахад чухал ач холбогдолтой юм.
Уг программ нь БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг, Солонгосын Анагаахын Үндэсний Төв зэрэг 80 гаруй эрүүл мэндийн байгууллагад ашиглагдаж байгаа, олон улсын практикт үр нөлөөгөө баталгаажуулсан шийдэл юм.
Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг цаашид хиймэл оюун болон дэвшилтэт технологид суурилсан инновацын шийдлүүдийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үе шаттайгаар нэвтрүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулах чиглэлээр ажиллаж байна.